цэгмидийн цэрэнболд
Жүжигчин, найруулагч, зохиолч

Жүжигчин Ц.Цэрэнболд гал унтраах ангид жолооч явж байгаад тайзны хаалгыг татсан
Жүжигчин, найруулагч, зохиолч Цэгмидийн Цэрэнболд 1977 оны тавдугаар сарын 21-нд Улаанбаатар хотод мэндэлсэн. Бага насаа Налайх дүүрэгт дархан хийдэг өвөг эцэг дээрээ өнгөрүүлсэн бөгөөд аав Цэгмид нь уурхайчин, ээж нь Налайхын ахуйн үйлчилгээнд оёдолчноос эхлээд нярав, мэргэжилтэн хүртэл ажилласан хүн байжээ. Дунд сургуулиа дүүргэх жил гэр бүл нь Багануурт нүүж очсон бөгөөд тэрээр гал унтраах 64 дүгээр ангид гурван жил жолооч хийж байхдаа АСК тэмцээнд оролцож, тухайн үеийн Багануурын театрын дарга Д.Бямбацогтын санал болгосноор уралдаанд шалгуулж, эхийнхээ дэмжлэгээр урлагийн зам руугаа орсон түүхтэй. Тэрээр “Мюзикл” дээд сургуулийг жүжигчин, найруулагч мэргэжлээр 2003 онд төгсөж, багш Ч.Түвшиний “Алтан унага” театрт ажиллаад 2006 оноос Улсын Драмын Эрдмийн Театрт орсон юм. Дэлгэцийн анхны бүтээл нь Австри, Германы хамтарсан “Чингис хаан” баримтат уран сайхны кино байсан бөгөөд тэндээ Жамухын дүрийг бүтээжээ. Хожим Украин, АНУ-ын уран бүтээлчдийн хамтарсан “The Rising Hawk” буюу “Дүүлэн нисэх шонхор”, дэлхийд танигдсан “Марко Поло” цувралд тоглосон. Үзэгчдийг байлдан дагуулсан “Аав” киноны продюсер, гол дүрийг бүтээж 2015 оны Монголын Үндэсний Кино Урлагийн Академийн шилдэг эрэгтэй гол дүрийн шагналыг хүртсэн бол “2000” уран сайхны кинонд цэрэг Энхтайваны дүрд тогложээ. 2022 онд “TSEBO” фильм студиа үүсгэн байгуулж, уран бүтээлээ бие даан төрүүлдэг болсон. Урлагт оруулсан хувь нэмрийг нь үнэлж 2012 онд Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан, 2016 онд “Алтан гадас” одон, 2026 онд Монгол Улсын Гавьяат жүжигчин цолоор шагнажээ. Жүжигчин Ц.Цэрэнболд эдийн засагч мэргэжилтэй эхнэртэйгээ оюутан байхдаа танилцсан бөгөөд Далайцэрэн, Үлэмжгоо гэсэн хоёр хүүхэдтэй.


















